1912 оны 4-р сарын 15-ны өдөр Дэлхийн түүхэнд тайван амгалан цагт хамгийн олон хүн амь насаа алдсан нэгэн сүйрэл болсон нь тухайн цаг үеийнхээ хамгийн том хөлөг онгоц байсан алдарт Титаник хөлгийн сүйрэл байсан. Хамгийн анхны бөгөөд хамгийн сүүлчийнхээ аялалыг Английн Southampton хотоос Америкийн Нью Йорк руу хийж байхдаа мөсөн уул мөргөснөөс болон живсэн уг хөлгийн сүйрлийн үеэр 1517 хүн амь насаа алдаж байсан харуусалтай явдал болж байжээ. Дэлхийн түүхнээ бичигдэн үлдэж, кино урлагт ч мөнхөрсөн Титаник хөлгийн сүйрлийн 100 жилийн ой энэ жил тохиож байгаа.
Тус хөлөг болон түүний харамсалтай түүх, түүнийг бүтээгчид, түүгээр аялж явсан зорчигчдын хүндэтгэлд зориулагдсан нэгэн музей Умард Ирландын Белфаст хотноо үүд хаалгаа нээх гэж байгаа юм байна. "Титаник Белфаст" хэмээх энэхүү музейн барилга нь яг л Титаник хөлөг шиг нүсэр том, алдарт хөлөг онгоц болон түүний сүйрлийн шалтгаан болсон мөсөн уултай адил хэлбэр дүрсийг гадаад байдалдаа агуулсан байдлаар төлөвлөгдөж баригдсан ба барилгын ажилд 153 сая доллар зарцуулагджээ. Барилгын гадна талын 60 хувийг 3000 ширхэг хөнгөнцагаан хавтангаар бүрсэн нь нартай өдөр нүд сохлом гялалзан гялтганадаг байна. "Титаник Белфаст" музейн барилгын өндөр нь Титаник хөлгийн ёроолоос хөлгийн тавцан хүртэлх өндөртэй адил аж. Титаник хөлөг 3547 хүний багтаамжтай байсан бол "Титаник Белфаст" музей ч бас мөн тооны зочдыг хүлээн авах хүчин чадалтай юм. Уг музейн домог болсон хөлөг онгоцтой адилтгах бас нэгэн зүйл бол музейн барилгыг 26 орчим сарын хугацаанд барьсан нь Титаник хөлгийг бүтээсэн хугацаатай адил байгаа явдал ажээ. Зууны түүхтэй хөлөг онгоцны тухай дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан есөн галерей бүхий "Титаник Белфаст" музей нээгдэж байгаа нь Дэлхий дээр Титаник хөлөг онгоцонд зориулсан хамгийн том үйл ажиллагаа болж байгаа юм
No comments:
Post a Comment